Танд хэрэгтэй бүхэн нүдэнд ил байх шаардлагагүй буюу Минималист интерьер
- Studio Loft
- Feb 15, 2022
- 2 min read
Updated: Jun 29, 2022
Нэр: White Hill Residence - Minimal Apartment
Зориулалт: Орон сууц
Дизайнер: Э.Хатанболд
Хэмжээ: 60м2
Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот

“White hill residence” хотхоны 60мк талбай бүхий хоёр өрөө байрны интерьер зургийг захиалагчийн хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэлээ. Хар, цагаан болон завсрын хар саарал өнгийг суурь болгосон модерн, минималист дизайнтай орон сууцтай танилцана уу.

Зочид угтаж авах үүдний хэсгийн харагдах байдал нь эмх цэгцтэй, ил хөлгөрсөн хогшилгүй байх нь чухал. Мөн орон зайг уужим харагдуулах зорилгоор хувцасны шкафыг тольтой хаалгаар шйидэж өгсөн. Харин угаалгын өрөөний хувьд “invisible door” буюу үл үзэгдэгч хаалга нь ханатай тэгш хэм үүсгэж нүдэнд тээргүй харагдахаас гадна интерьерийн хувьд загварлаг шийдэл юм.

Нүд амраах тэгш хуваалтууд, сонгодог цагаан өнгө таны гал тогоог саруулхан, гэгээлэг харагдуулна. Эмх цэгцтэй орон зай нь хүний сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлдөг.

Захиалагчийн хүсэлтээр гал тогоонд хэрэглэгдэх эд зүйлс бүрт өөрийн гэсэн орон зай гаргаж өгсөн шийдэл. Ингэснээр цаг хугацаа хэмнэх, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх давуу талтай.
Интерьерын хувьд хар өнгө нь тухайн орчиндоо тулгуур бий болгож өгдөг тул минимал өнгөний шийдэлд хамгийн тохиромжтой юм. Хооллох хэсгийг гал тогоотой хамт шийдэж өгсөн нь хооллох зуураа зочдоо уйдаахгүйгээр халуун дотно яриа өрнүүлэх боломжийг олгож байна.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд гэр гэдэг зөвхөн амарч, тухлахаас гадна алсын зайнаас ажил үүргээ амжилттай явуулахад нөлөөлөх орчин болсон. Тэгвэл ажиллах орчноо эмх цэгцтэй, урам зориг авахаар мөн гэрийнхээ интерьерт уусган тохижуулах боломжтой. Орчин цагт гэрийн ажиллах орчны cable management буюу олон залгуурын асуудлыг ухаалгаар, цэгцтэй болгох шийдэх нь чухал алхам юм.
Унтлагын өрөөнд орон зайг тооцоолон гэрэлтүүлгийн шийдэлтэй хувцасны өрөөний хэсгийг гаргаж өгсөн гүйцэтгэл. Орон дээрээ тухлан хэвтээд дуртай киногоо үзэх боломжийг ч олгосон. Хар цагаан өнгөний хослол нь хоорондоо төгс зохицож байгаа бол шаргал өнгийн гэрэл орж ирснээр орчны уур амьсгалд илүү дулаан өнгө аясыг бэлэглэнэ.

Орчин цагт орон сууцны тагтны тохижолт нь танай гэрийн өөр нэг өрөө шиг тухтай байх боломжтой болсон. Иймд амьдралын хэв маягтаа нийцүүлэн тавилга, хэрэгслээ сонгоорой.























Comments