Ажлын орчин ямар байхаас хамааран бүтээмж бий болдог – SCC LLC
- Studio Loft
- Mar 11, 2022
- 2 min read
Updated: Apr 7, 2022
SCC LLC - Office
Area: 310 sqm
Usage: Office and shared office
Date: 2020
Location: Ulaanbaatar, Mongolia
"Сүүлийн жилүүдэд олон улс даяар оффис орчны хэв маяг бүхэлдээ шинэчлэгдэж тав тухтай, таатай сэтгэгдэл төрүүлэхүйц бүтээлч орон зай болон хөгжиж байна. Та үүнийг манай улсын интерьерийн салбар дахь ололт амжилт, нөхөрсөг өрсөлдөөн дундаас тод мэдэрч болно".

Бидэнд оффисын ерөнхий төлөвлөлтийг танилцуулж өгнө үү.
Энд “SCC” компани болон “Gobi group” гэсэн хоёр оффис байрладаг. Ерөнхийдөө “Zen” стилийн дизайныг интерьерт түлхүү тусгаж хийсэн. Дорно дахины, Азийн соёл шингэсэн гэж болно. Сайн анзаарвал байгалийн материал зонхилж байгаа. Тэгээд үүдний хэсэг, амралтын болон уулзалтын өрөөнүүд, утасны бүхээг, нээлттэй орон зай бүхий оффис гээд цааш үргэлжилнэ.
Утсаар ярих хэсгийг тусгайлан шийдсэн нь сонирхол татаж байна?
SCC LLC нь ажиллах хүч ханган нийлүүлэх буюу хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тул бизнес уулзалтууд хийх, олон хүнтэй утсаар ярьж, шаардлагатай тохиолдолд видео дуудлага хийх нь элбэг учраас ажлын онцлогт тохирсон өрөөнүүдийг бий болгох шаардлагатай байсан. Эдгээр утасны бүхээг болгонд дуу тусгаарлагч, агааржуулагчийг зориулан гүйцэтгэсэн. Харин уулзалтын өрөөнд хоёр төрлийн уур амьсгалыг гэрлийн тусламжтай бүрдүүлэх боломжтой.
Уншигчдад Зэн чиг хандлагын тухай тайлбарлаж өгнө үү.
Зэн хэмээх дизайны чиг хандлага нь Азиас гаралтай. Оффист тун тохиромжтой бөгөөд ажиллах үед хүний анхаарлыг өөр зүйл сатааруулахгүй, тайван төвлөрч ажиллах нөхцөл болж чаддаг. Сүүлийн үед мөн орон сууцанд их хэрэгжих болсон. Мод, чулуу, шавар, сүрэл гэх мэт байгалийн элементүүдийг ашигладаг учраас хүнд дулаан, амар амгалан сэтгэгдлийг төрүүлдэг. Тавилга багатай тул орон зайг “multifunctional” буюу олон төрлөөр ашиглаж болдог. Жишээ нь, энэ оффисын хувьд хурлын өрөөг энгийн үед оффис зориулалтаар ашигладаг бол хурлын үеэр шилэн ханаар тусгаарлаж уулзалт хийх боломжтой.

Уг оффисын үйл ажиллагаанд нийцүүлэн гүйцэтгэсэн дизайны бусад шийдлүүдээс хуваалцахгүй юу?
Локер – Орчин үеийн хамтын оффист сайн чанарын, хүртээмжтэй локер зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд бид зай хэмнэх үүднээс хана дагуу ажилчдын локерыг байрлуулсан.
Амралтын хэсэг – Орчин үед ажлын бүтээмж, тав тухыг эрхэмлэсэн оффис интерьерийн тухай ойлголт хүмүүсийн дунд их түгээмэл болж, энэ чиглэлээр эрчимтэй хөгжиж байна. Тиймээс ажилчдад зориулан цайны цагийн дараа 30 минут орчим дуг хийж, ажлаас түр хөндийрч тархиа сэргээх, ном уншин тухлах хэсгүүдийг зориулан хийсэн.
Гэрэлтүүлэг – Олон төрлийн гэрлийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Гэхдээ хэт хүчтэй, тод гэрэлтүүлэг энд байхгүй. Бүх гэрэлтүүлгийг хүний нүд рүү шууд тусахгүй далд байдлаар шийдсэн байгаа. Ер нь гэрлийн тусгалаар дамжуулан орчны уур амьсгалыг өөрчлөх бүрэн боломжтой байдаг.
Интерьер заслыг гүйцэтгэхдээ танай компанийн хамгийн гол баримталдаг зарчим юу вэ?
Бид аливаа төслийг эхлүүлэхээс өмнө судалгаа маш их хийдэг. Захиалагчийн хүсэл сонирхол, ажилчдын дундаж нас, компанийн үйл ажиллагааны чиглэл, оффисын байршил, онцлог давуу тал зэргээс гадна интерьер зураг төсөл гаргахдаа хамгийн чанартай, орчин үеийн хийц, тавилга, гэрэлтүүлгийг хаанаас захиалах боломжтой вэ гээд л бүх зүйлд нямбай ханддаг. Ингэж байж аливаа төсөл төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжихийн суурь болж өгдөг. Мөн төслийн менежмент чухал үүрэгтэй. Манай компанийн өөр нэг онцлог бол бид жилд дунджаар цөөн төсөл дээр ажилладаг боловч хийсэн гүйцэтгэсэн төсөл бүрээ чанартай байлгахыг эрмэлздэг. Энэ нь ажлын маань үнэ цэн гэж боддог.







































































Comments