top of page

Г.Тэмүүлэн: Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарыг дараагийн түвшинд авчрах интерьер

Updated: Aug 11, 2022



RE/MAX HUB БОЛОН RE/MAX SKY ОФФИСЫН БРОКЕР ЭЗЭМШИГЧ Г.ТЭМҮҮЛЭН:


“Үл хөдлөх хөрөнгө зуучлал-н салбарыг дараагийн түвшинд авчрахад мэргэжлийн хүний бодож төсөөлж бий болгосон интерьер маш чухал байсан"



Оффис бүр өөрийн хэв маяг, үйл ажиллагааны чиглэлээс хамааран дотоод орон зайгаа анхаарч тохижуулах болсон. Харин бидний онцолж буй энэ оффис танд футуристик сэтгэгдлийг үлдээх нь гарцаагүй юм. Лав хэдэн жилийн өмнө салбарынхнаасаа түрүүлж алхаж яваа RE/MAX Hub болон RE/MAX Sky оффисын интерьер дизайн, гүйцэтгэлийг Студио Лофт ХХК гүйцэтгэжээ. Хамтдаа дотогш орцгооё.




Таны удирдаж буй RE/MAX Hub болон RE/MAX Sky салбарууд хэзээ байгуулагдсан бэ?

2020 оны 8-р сарын 1-ний өдөр RE/MAX Hub оффис байгуулагдсан, харин RE/MAX Sky оффис 2017 онд байгуулагдсан. 140 гаруй агенттай үйл ажиллагаа явуулж байна. RE/MAX үл хөдлөх зуучлалын Азийн салбаруудаас хамгийн том брокер оффис юм. Одоо албан ёсоор Монголдоо хамгийн том брокер оффис гэж тодорхойлогддог.


Оффисын интерьер зургийг гаргахдаа ямар шийдэлтэй байлгахыг зорьсон бэ?

Манай бизнесийн хамтрагч О.Очир-Эрдэнэ гэж залуу бий. Бид хоёр эрэгтэй хүмүүс болоод ч тэр үү оффисын тохижилтод саарал, хар өнгө голлосон байгаа. Ер нь анхнаасаа ажлын байр гэхээс илүүтэй лоунж, кофе шоп мэт засалтай болгохыг хүссэн. Учир нь, манай оффист ажлын онцлогоос шалтгаалан харилцагчид орж ирнэ, уулзалт их болдог л доо. Тэгэхээр хэт албан ёсны өнгө төрхтэй байвал харилцагчид биеэ бариад өөрийн хүсэж буй зүйлээ бүрэн илэрхийлэхгүй байх, эргээд үл ойлголцол гарах магадлалтай. Тиймээс аль болох хүмүүсийн харилцааг чөлөөтэй байлгах нөхцөлийг орон зайгаар шийдвэрлэхийг эрмэлзсэн.


Интерьер засал гүйцэтгэх компани сонгох нь захиалагчдын хувьд маш няхуур сонголт байдаг шүү дээ. Та яагаад Студио Лофт компанитай хамтран ажиллахаар болсон бэ?

Ерөнхийдөө гүйцэтгэсэн ажлууд болоод компанийнх нь хүчин чадлыг хараад шийдвэрээ гаргасан гэж болно. Орчин үед интерьер зургийг бол яаж ч гоё зуруулж болдог болчихсон. Зөвхөн зураг гаргадаг компани ч маш их байгаа. Харин өөрсдийн зурсан зургаа чанарын өндөр хэмжээнд гүйцэтгэж, тавилгаа өөрсдөө үйлдвэрлэдэг компани ховор юм билээ. Студио Лофт ХХК-ийн хувьд засалд шаардлагатай барилгын материал, гэрэлтүүлгийг импортоор өөрсдөө оруулж ирэхээс гадна зургийн дагуу тавилгаа үйлдвэрлэдэг, засал хийдэг мэргэжлийн ажилчидтай, интерьер болон ажлын зургаа маш сайн төлөвлөлттэй хийдэг гэх мэт олон давуу талтай байсан.

Тиймээс бид анх захиалга өгөхдөө л интерьерийн компанидаа бүгдийг даатгасан. Энэ чиглэлээр туршлага, мэдлэгтэй дизайнер, инженерүүдэд захиалагч хэт их хүсэлт, шаардлага тавих нь зохимжгүй гэж боддог л доо. Жишээ нь, захирал нь бор, ногоон өнгөнд дуртай болохоор интерьертээ тийм өнгийг маш их ашигласан гэж төсөлье. Тэгвэл мэргэжлийн бус хүний хүслээр хийгдсэн интерьер гоё сайхан биш, эсрэгээрээ уйтгартай, хөндий сэтгэгдлийг төрүүлж мэднэ. Тэгэхээр эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг нь хязгаарлаж, хэт их санал оруулахгүй байснаар тухтай, сайн интерьер бүрдэхэд нөлөөлнө байх.

Танд ямар төрлийн интерьер таалагддаг вэ?

Надад бол яг тийм нэг чиглэл, хэв маяг гэж нэрлэхгүйгээр мэргэжлийн хүний бодож төсөөлж бий болгосон интерьер хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Тийм үл хөдлөх хөрөнгийг борлуулахдаа ч итгэлтэй байж чаддаг. Интерьер зураг гаргуулсан ч мөнгө хэмнэх гэсэн, зураг дээрх материалыг нь орлуулсан ч юм уу стандарт бус зүйлс тухгүй мэдрэгддэг. Гэхдээ Монголд маань интерьер дизайны салбар эрчимтэй хөгжиж буй нь ажиглагддаг шүү.


Брокер хүний хамгийн түрүүнд суралцах ёстой ур чадварыг юу гэж боддог вэ?

Өдөр бүр хийх зүйлсээ төлөвлөдөг, төлөвлөснөө хийдэг сахилга бат чухал. Өөрөөр хэлбэл, бизнестээ цаг зарцуулж, сэтгэл гаргаж чадвал үр шимээ өгнө гэдэгт итгэдэг. Би үл хөдлөх хөрөнгийн салбарт яг одоо 9 дэх жилдээ ажиллаж байна. Монголын нөхцөлд урт хугацаа мэт боловч энэ салбарт дунджаар 20,30 жил ажилласан олон улсын чадварлаг мэргэжилтнүүд одоо л туршлагажиж байна гэж ярьдаг.


Эргээд интерьер заслын тухай яриандаа орцгооё. Таны бодлоор оффисын тань хамгийн онцлох хэсэг аль вэ?

Амралтын өрөөг нэлээн анхаарч тохижуулсан. Манай салбар ачаалалтай, хувь хүнээс их хичээл зүтгэл гардаг учраас агентууддаа чөлөөт цагаараа оффистоо амарч, тухлаасай гэж хүссэн. Бас утасны бүхээгүүд онцлогтой гэж бодож байна. Мэргэжлийн шаардлагаас хамаарч дуудлага их хийдэг тул утасны тусгай бүхээгүүд нэн чухал хэсэг болж чадсан. Мөн үл хөдлөх хөрөнгийн борлуулагчид хүн өдөр бүр хүмүүстэй уулзаж хуралдах хэрэгцээ шаардлагатай учраас хурлын өрөөнүүдийг маш тухтай бөгөөд орчин үеийн шийдэлтэй байлгахыг хичээсэн.


Өмнө нь засалгүй оффист ажиллах болон өөрийн сэтгэлд нийцсэн орчныг бүтээж, түүндээ ажиллах нь хэр ялгаатай вэ?

Таатай ажиллах боломжийг шинжлэх ухаанчаар судалсан, мэргэжлийн дизайнерууд тохижуулсан тийм орчинд хүн маш итгэлтэй ажилладаг юм билээ. Ажлын бүтээмж, гүйцэтгэл сайжирна. Өдрийн ихэнх цагийг эрч хүчтэй өнгөрүүлнэ гэх мэт.


Эцэст нь интерьер засал хийхээр төлөвлөж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Хүмүүсийн хэсэг хувь нь pintrest-ээс зураг хараад дуурайж өөрсдөө заслаа хийж байна. Тэр нь эргээд “харамч хүн хоёр төлнө” гэдэг шиг тухайн орон зайд нийцээгүй тохижилт болчихдог. Алдаатай интерьер үүсгэж байна гэсэн үг. Миний зүгээс мэргэжлийн хүмүүст хандаж, ядаж зөвлөгөө аваасай гэж хэлмээр байна.


 
 
 

Comments


© 2022 СТУДИО ЛОФТ ХХК

Утас

7717-0550,

8804-4488

Хаяг

​УБ, Сүхбаатар Дүүрэг, 2-р хороо, Шинэ Төгөл Хотхон, Д-1

И-мэйл

bottom of page